Та өөрийн ариун цэврийн өрөөгөө тохижуулахдаа уг өрөөнд юу хармаар байна түүнийгээ эхлээд жагсаагаад бич. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ариун цэврийн өрөөний тухай ойлголт, юуг хаана байрлуулах нь харилцан адилгүй байдаг. Үүний дараа сонин, сэтгүүлээс өөрт таалагдах загварыг цуглуулж, тэдгээрээс санаа ав. Ариун цэврийн өрөөний хэмжээг тэмдэглэн тэндээ тоноглолуудаа янз бүрээр байрлуулж, ерөнхий төлөвлөгөөг гарга. Ингэсний дараа хамгийн чухал зүйл бол ариун цэврийн өрөөний тоноглол суултуур, бидэ нь хананд бэхлэгдэж, тансаг, хээнцэр, нэг бол энгийн хэрнээ чамин тавилга бүхий угаалтуур, өрөөний голд байрлуулсан ванн болон душ нь таны ариун цэврийн өрөөг төгс илэрхийлэх болно.
Үүнээс гадна ариун цэврийг өрөөг төгс илтгэх нэгэн чухал хүчин зүйл бол яах аргагүй холигч, шүршүүр. Халуун хүйтэн усыг хольж бидэнд шаардлагатай байгаа бүлээн усыг гаргадаг учир холигч хэмээн нэрлэдэг. Холигч нь дотроо маш олон янз бөгөөд та зөвхөн өөрт болон ариун цэврийн өрөөний тоноглол, түүний талбайд тохирох нэгийг сонгох нь чухал.
Холигчны хувьд угаалтуурын, бидэний, ванны, душны, мөн гал тогооны тосгуурын гэсэн төрөл байна. Угаалтуурын холигч нь ихэвчлэн угаалтуур дээр суурилагдах ба нэг чихтэй, хоёр чихтэй, хагас болон бүтэн эргэлттэй зэрэг байдаг. Бидэний холигч нь ихэвчлэн хагас эргэлттэй, бидэн дээр суурилагдахаар байдаг. Ванн болон душны холигч нь хананд бэхлэгддэг, ванн дээр суурилагддаг, хүний биеийн хэмд усны халууныг автоматаар тохируулах горимтой, хэм заагч гэрэлтэй гэх маш олон төрөл байна.
Душны холигч нь зөвхөн хананд бэхлэгдэхээс гадна далд суурилагдан, шууд таазнаас шүршиж, эсвэл шууд хананаас шүрших байдлаар суурилагдах боломжтой. Энэ бүгд таны ариун цэврийн өрөөнд чимэг нэмж, энгийн хэрнээ тансаг орчинг бүрдүүлж өгнө.
Мөн та ямар ч холигч сонгосон бай бохир усны гаргалгаа буюу сифоноо зөв сонгохгүй бол таны хүссэн шийдэл төгс байдлаар гарахгүйд хүрнэ. Сифон нь энгийн болон гоёлын гэж ангилагдана. Мэдээж та чамин, тансаг орчин бүрдүүлэх гэж байгаа тул гоёлын буюу никель, эсвэл никель бүрэлттэй сифон сонгосон нь зөв сонголт болно.